
Манай Монголчууд, нь уг нь их бардам сайхан хүмүүс мэт. Өрөөлийн эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр гэсэн сайхан зүйр цэцэн үг хүртэл байдаг гэхээр бахархууштай!!! Гэхдээ сүүлийн үед ажаад байхад, энэ бардам байдалаа ч гэсэн нилээд олон утгаараа алдаж эхлээд байгаа мэт…
Шууд утгаар нь авч үзэхэд л, гадаад руу цагаачилсан олон нийтийн байдал.
Гадаад л явбал жаргана, гадаад л явбал гоё гэсэн сэтгэхүйд автсан олон нийт.
За энэ ч яахав, аргагүй л ядуу амьдралын балаг байх л даа, яваандаа энэ хүмүүс буцаж ирэх байлгүй гэж бодож болж байгаа юм.
Тэгсэн сүүлийн үед энэ сэтгэхүй нь яг тэр чигээрээ сэтгэлзүй тал дээрээ ороод эхэлчихсэн мэт… Хамгийн гол нь түүнийгээ мэддэггүй, анзаардаггүй, таньдаггүй нь эмгэнэлтэй ч юм шиг…
Нэг жишээ авахад, Монголд одоо аз жаргалтай хүн (айл) гэдгийг харах хэмжүүр нь ямар болсоноос харахад л андашгүй мэт…
Дээр үед *өнөр өтгөн, эрүүл саруул, эвтэй найртай, ЭРХ ТААВААРАА* гэх мэтийн хэмжүүрээр аз жаргалыг хэмжих нь их байсан атал, сүүлийн үед тэр хэмжүүр нь аягүй хялбархан болчихсон ч юм шиг…
*Байртай, машинтай, мөнгөтэй* гэсэн хэмжигдэхүүнээр эхлээд л…. цааш нь үргэлжлүүлэх ч хэрэггүй байх тэ???
Манай нэг хамаатан ах байсан юм.
Монголд Гаалийн газрын нилээд том албанд, бусдын нүдээр харахаар хэн ч атаархмаар тийм амьдралтай хүн.
Залуудаа харахад их сайхан залуу, тэгээд боловсролтой (социализмийн үед гадаадын олон сургууль төгссөн), цалин пүнлүү ихтэй ажилтай, байртай бол байртай, мөнгөтэй бол мөнгөтэй.
Даанч хэдий хүрсэн ч авгайтай болдоггүй..
Хүмүүс ч яахав *энэ нэг юм авгайтай ч болохгүй* гээд л гоочлоно.
Жоохон архинд дуртай, согтохоороо жоохон агсан (гэхээсээ илүү, уйлаад л янзан бүрийн юм, олон хэлээр хольж ярьдаг) тийм хүн байсан юм.
Тэр ах маань, согтохоороо л миний гарнаас барьж аваад л * По минь чи одоо ид сайхан залуу насан дээрээ байна. Өөрийнхөөрөө л аз жаргалтай явдаг юм шүү. Над шиг л битгий болоорой* гээд уйлаад байдаг байсан юм…
Би аминдаа тэр үед жоохон ч байсан, яагаад тэгээд байдагийг нь ойлгодоггүй байсан юм….
Олон жилийн дараа, тэр ах маань гэнэт байр орон сууцаа зараад, ажлаа хаяад Америк явахаар болсон юм л даа…. Гэнэт цагаачлахаар болоод….
Гадаад дотоод олон газраар явж байсан хүн болохоор зүгээр л гэнэн байдлаар *Солонгос явбал аз жаргалтай, мөнгөтэй сайхан болно* гэж бодохоор хүн байсан гэж бодогдохооргүй…
Тэгээд шийдээд явсаных нь дараа мөнгөө хадгалуулсан хэдэн хадгаламж зээлийн хоршоо нь дампуураад огт мөнгөгүй болсон мань эр…
Манай гэрийнхэн ч яахав, угаасаа хүний мууд дуртай, тэр нь тэгээд хамаатан болохоор олон янзын таавар тавина биз дээ??
Энэ хүн ямар чөтгөр нь шүглэхээрээ ийм сайхан байр сууриа тавиад аяга таваг угаахаар Америк зүглэв гэхээс эхлээд…
Хэдэн жилийн дараа тэр ахаас маань нэг эгчид маань юм захисан захиа ирсэн юм гэсэн.
*Улаан өнгийн ноолууран ороолт, эрэгтэй загвартайг хоёрыг явуулаарай* гэсэн захиа…
Манай тэр эгч дараад нь надад ярьж байсан юм…
*Яг таамаглаж байсанчлан, мань хүн гомо байсан юм байлээшдээ…Энэ хоёр ороолт, найз залуудаа нэгийг нь зориулж авсан юм шиг байлээ*
*Гэхдээ, нэг тийм сексийн хэрэгцээнийхээ төлөө, эндэх ийм их амжилт, эд хөрөнгө, албан тушаалаа хаяж явна гэдэг тэнэг байгаа юм шүү тэ? Тэнд очоод үсрээд л аяга угаана, ядаж байхад тийм залуухан хүн биш* гээд.
Тэгэхэд анзаарч байж билээ.. Манай эгчийн доторх аз жаргал гэдэг ойлголт ч гэсэн *эд мөнгө, амжилт, албан тушаал* гэдэг юмаар хязгаарлагдчихсан юм байна аа даа гэж….
Манай Монголчуудын доторх аз жаргалыг тодорхойлох ойлголт *Өрөөлийн эрхэнд жаргахаар, өөрийн эрхэнд зовсон нь дээр* гэсэн тодорхойлолтоосоо, зүгээр л нэг эд материал гэсэн зүг рүүгээ чиглэчихсэн юм болов уу даа гэж….
Мань хүн, Монголд өөрийгөө нуун, далд амьдарсанаас, аяга угаасан ч хамаагүй гадагшаа дүрвэн зугтая гэж бодсон байж ч болох талаар төсөөлж ч чадахгүй байна гэсэн үг шүү дээ…
Мэдээж хүн гэдэг өөр дээрээ тусгаж боддог болохоор, өөртөө байгаа зүйлээ тоолгүй, дутуу зүйлээ л олж харах байх л даа… Тийм болохоор, өөрийнхөө үнэн байдлыг нуун дарагдуулж, үргэлж баг зүүн амьдрах ямархуу байдаг талаар манай эгчид ч тэр, бусад хүмүүст ч тэр төсөөлөгдөхгүй байх л даа.
Сүүлд бодож байсан, манай тэр ах, ээжийгээ нас барсаны яг хагас жилийн дараа гадаад руу дүрвэсэн байсан гэдгийг нь санаж билээ!!!
Ээжийгээ нас бартал ганцаараа (авгай хүүхэдгүй гэсэн утгаараа ч тэр) асардаг, өөрийнхөө гэрт байлгадаг байж байгаад, ээжийгээ нас барсаны дараа хагас жил бололгүй бүх юмаа зараад, бүх юмаа хаяад гадаад дүрвэсэн гэхээр…
Манай хүн хөгшин буурал ээжийгээ гомдоочихолгүй шиг, амьд дээр нь аль байдгаар нь асрая даа, *БИ УГААСАА ХАНИЙН ЖАРГАЛ ҮЗЭХ ХҮН БИШ, ҮР ХҮҮХДЭЭ ҮЗҮҮЛЖ ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ХҮН* гэсэн үүднээс хандаж байсан юм биш байгаа гэж хааяа бодогддог юм.
Ээжийгээ амьд дээр нь жаргааж чадахгүй юм аа гэхэд, зовоогоод яахав гээд өөрийгөө нуун дарагдуулаад амьдарч байсан юм шиг.
Тэгээд, ээжийгээ нас барсаны дараа л өөрөө өөрийнхөө төлөө *ГАЖ/ ГОМО* байдлаар амьдрахаар шийдсэн нь тэр Америк явсан шалтгаан болов уу гэж…
Ингээд бодохоор, манай хүний сонголт, нэг бодлын * Өрөөлийн эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр* гэдгийг бодитоор хэрэгжүүлсэн, их зоригтой үйлдэл байсан мэт…
Манайхны үйлдэлийг хараад байхад, өрөөлийн эрхэнд их хушуу дүрсэн аяг ихтэй юм шиг санагддаг юм.
Жишээ нь өчигдөр байна уу уржигдар нэг хүний оруулсан бичлэг дээр *Манай найзын авгай нь завхай, архичин юм. Тэгээд бид нар тэр найзыгаа авгайгаас нь салгамаар байна* гэсэн юм байх жишээтэй. Чиний нүдээр харахад, завхай архичин байх нь муухай байж болно, тэр хүний нүдээр харахад, тэр нь хүлээн зөвшөөрөх хэмжээний уучлахаар зүйл ч юм уу огт бодолцолгүйгээр хөндлөнгөөс хошуу дүрсэн байдалтай.
Гомогийн талаар ч гэсэн адилхан. Өөрт нь ойлгогдохгүй зүйл л бол бүгдийг үгүйсгэх нь утгагүй мэт. Тэр хүн гомо л байгаа биз, чамд садаа болоогүй бол ямар хамаа байна аа гэдэг шиг…
За тэр ална хядна, Монголоос зайл энэ тэр гэсэн сэтгэгдэлүүд бол ярих юм байхгүй…
Арай гайгүй сэтгэгдэл энэ тэрийг нь харсан ч гэсэн * Өөрийнхөө гэртээ гомо байж болно. Хамгийн гол нь ГОМО гэдгээ зарлаад байлгүй, дотроо нуугаад ил гаргалгүй явах хэрэгтэй л байхгүй юу даа* гэсэн юм их мэт.
Нэг бодлын үнэн үг юм шиг хирнээ, нөгөө бодлын бас л их ХҮЧИНДСЭН үг юм шиг. Дүлий бол дүлийгээ нуу гэж байгаатай нэг их ялгаагүй юм шиг. Эсвэл, царай муутай бол тэрийгээ нуугаад гивлүүр зүүж бай гэж байгаатай нэг их ялгаагүй юм шиг.
Ийм *анзаарагдахааргүй / жижигхэн* ялгаварлан гадуурхах үзлээс болоод Монголын нилээд олон чадалтай сайхан хүмүүс Монголдоо амьдрахгүйгээр гадагшаа зугтах нөхцөлтэй болсон мэт..
.
Түүнийгээ зөвтгөхдөө *Америк, Европ мэтийн олон хүнтэй газар бол байж болж байгаа юм. Монгол шиг цөөхөн хүнтэй газар, ургийн санг бохирдуулна / доройтуулна* гэх нэгэн олон…
10 хүнтэй улс байлаа гэж бодьё. Нэгийгээ ойлгож чадахгүй, үр хүүхэдтэй болохгүй гэдгээс нь болоод *Монгол улсаас зайл;* гэх мэтээр дарамтлаад хөөж явуулаад 9 хүнтэй болох нь, тэр хүнийг ойлгохгүй ч гэсэн хүлээн зөвшөөрөөд 10-уулаа амьдарсанаас дээр гэж үү???
Энэ удаад гомогийн талаар бичсэн ч гэсэн, зөвхөн гомо ч биш, ер нь олон талаар манайхан баригдмал үзлээсээ салж илүү ОЛОН ТАЛТ БАЙДАЛ гэдгийг хүлээн зөвшөөрвөл Монгол улс маань илүү хөгжих мэт.
Өөрийнхөө ойлгож чадахгүй зүйлээ (Бусдын сээгэс энэ тэрийг угаасаа ойлгоё гээд ч ойлгож чадах зүйл биш… Яахаараа адилхан хүйстэндээ дурладаг байна аа, яахаараа архичин авгайгаасаа салдаггүй юм бол гэх мэт) ойлгохгүй байлаа гээд дургүйцэх биш, ойлгохгүй ч гэсэн өөрт чинь шууд утгаараа садаа болохгүй бол тэр чигт нь хүлээгээд авахад юу нь буруудах билээ тэ??
Ямар ч л байсан, *ХҮН БОЛГОН ӨӨРИЙН ЭРХЭЭРЭЭ ЖАРГАЖ ЧАДАХ* тийм нийгэм байгуулж чадаж байж л Монгол улс маань жинхэнэ утгаараа *Тэргүүлэгч* улс болж чадах болов уу!!!
Лаг мундаг хүн шиг үгээр төгсгөж үзье, кэкэкэ